Мөрөөдлийнхөө төлөө тэмц, чамайг юу ч зогсоож чадахгүй. Үхэл ч хүртэл (4)

 Энэ өдрөөс хойш хорвоогийн хатуу бүхнийг турхан нуруундаа ганцаар үүрсээр хүний зэрэгт хүрсэн билээ. Хандмаа эгчийгээ нэг л өдөр хөтлөөд асрамжийн газарт авчрахад нь анх удаа “Намайг битгийн орхиоч” гэж уйлан зууралдаж байсанаа одоо маш тод санадаг. Ээж аав 2г нь явсанаас 20иод хоногийн дараанаас хотоос олон танихгүй хүмүүс ирж 7 хоног хөл болохдоо “Аав, ээж хоёрын чинь хойдохыг хийж байна. Мөнгө төгрөг их орсон банкнаас зээлсэн мөнгөө төлөхийн тулд гэрийг чинь авч явж байна. Миний дүү хүний ганц хүүхэд айлд өргүүлээд зовохын нэмэр. Асрамжинд очсон нь дээр, эвий эвий хөөрхий минь” гэж толгойг нь илж уут дүүрэн чихэртэй үлдээгээд явсан билээ.

Харин Хүслэн ээж аав 2ыгоо үхсэн гэдэгт өдийг хүртэл итгэдэггүй бөгөөд, одоо тэр чихрэнд үнэн голоосоо дургүй. Хорвоо түүний хамгийн их дуралдаг байсан энэ амттанг өгөөд оронд нь ээж аавыг нь авчихсан болохоор л тэр.

Асрамжийн газар хэдий дулаан ч сэтгэлд хүйтэн, асрагч ээж нар хэдий сайн ч цаанаа л нэг хөндий. Хүслэн хичээлээ сайн хийгээд эгч нарынхаа үгэнд сайн ороод байвал нэг л өдөр ээж нь инээсээр ирээд охиноо авна гэдэгт итгэсээр, хүлээсээр нэг л мэдэхэд их сургуульд орох нас нь болсон билээ.

Угийн толгой сайтай сэргэлэн болохоор их сургуулийн санхүүгийн ангийг төвөггүйхэн авч чадсан юм. Оюутан байхад төлбөрийг нь төр төлдөг болохоор Хүслэн зөвхөн өөртөө зарцуулах мөнгөө л олох хэрэгтэй байлаа. Оюутны байранд амьдралынхаа алтан мөч оюутан насаа өнгүүлэхдээ тэр Жавхлан хэмээх хэрсүүхэн чадварлаг залууд сэтгэл алдран 1 жил хамт амьдарсан билээ.

Ээж ааваас нь өөр хэний ч орж үзээгүй байсан зүрх сэтгэлийнх нь нандин ертөнцөд нэвтрэн орсон тэр залуу түүний бүх л амьдрал нь байсан. Хүлээсээр өнгөрүүлсэн хүүхэд насны гунигт жаврыг бүлээцүүлэн, хэн нэгэнд дурлан хайрлаж, түүгээрээ хайрлуулах, өөрийнхөө төлөө биш, өөрөөлийн төлөө чиний зүрх цохилоно гэдэг хамгаас илүү аз жаргал гэдгийг түүнтэй амьдарсан богинохон хугацаанд Хүслэн хэнээс ч илүүтэйгээр ойлгосон.

 

Богинохон ч гэсэн аз жаргалтай өнгөрүүлсэн цаг хугацаа хугацаатай гэдгийг хэн хэн нь яаж мэдэхэв дээ. Гэгээн хайрын өдрийг хамтдаа тэмдэглэн, найз нартайгаа хөгжилдөн, шөнөжин гадуур зугаалаад үүр цайх алдад орондоо орсон Хүслэн цагийн дараа л маш их халуурлаа. Халуундаа дэмийрэх шахсан хайртай бүсгүйгээ тэврэн халууныг нь авах санаатай хэсэг хэвтсэн ч Жавхлан яах учираа олсонгүй. Өмнө нь өвдөж зовоож байгаагүй Хүслэн гэнэт маш хүнд өвдлөө. Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц гэж тэр байранд хөлслөн амьдрах эхнэр нөхөр хоёр хатгаа авч ханиад хүрсэн байна гэж оношлоод бөөн л эм тан өвс ногоо уулгалаа. Халуун хэдий буурсан ч нэг л дээрдсэнгүй. Орой тийш бүр ч хүндрэх үер түргэн дуудсан бараг 2 цагийн дараа ирлээ.

 

Эмнэлгийн эхүүн үнэрт жихүүцэн зогсох Жавхланг сувилагч дуудлаа. Түүнийг өрөөнд ороход хоёр эмч нэлээд бүхимдангүй хүлээж аваад:

  • За залуу та энэ бүсгүйн юу нь бэ? Эцэг эх нь хаа байна?

  • Би найз залуу нь байгаамаа. Ээж аав нь өнгөрөөд удаж байна. Ойр дотны хүн гэвэл би л байна. Юу болсон юм бэ? Та надад хэлээч.

  • Тэгэхээр, хариуцлага хүлээх хүн нь та л юм шив дээ. Нэгдүгээрт, хатгаа авсан байна. Та нар ямар ямар эм тан хэрэглсэн?

  • Би сайн мэдэхгүй Насан эгч л сайн мэдэж байгаа байх.

  • Юун Насан эгч бэ? Тэр хүнийгээ хурдан дуудаад аль. Та нар ер нь яахлаараа дур мэдэн эмчилгээ хийж байдаг хүмүүс бэ? Ер нь бүгд л тэгж байхын. Та нар өөрсдөө эмчлээд байдаг бол бид энд мануухай болж суухын хэрэг юу байнаа. Алив тэр хүнээ бушуу дууд. Та нар энэ хүнээ жирэмсэн гэж ер нь мэдэж байсан улс уу?

Ингэж угсруулан хэлсэн үгнүүдээс Жавхлан сүүлийн үгийг нь л олж сонслоо.

  • Юу! Жирэмсэн гэнээ. Одоо тэгээд бие нь яаж байна.

  • Эхлээд бид ямар эм хэрэглэснийг нь мэдэх хэрэгтэй байна. 5 долоо хоногтой. Одоохондоо ураг хэвийн юм шиг байгаа ч хэрэглэсэн эмнүүдийг тодруулсаны дараа бид эмчилгээгээ эхлэнэ. Тэр хүнийгээ хурдан дуудаач. Удах юм бол эхийнх нь аминд ч аюул учирч болзохгүй. Утас шөрмөс байна уу тэр хүний чинь! ?

  • Байгаа.

Насан эгч гүйхээрээ орж ирлээ. Тэднийг дахин эмч нарын өрөөнд ороход бүр ч олон эмч нарын сэтгэл түгшсэн царай угтлаа. Ерөнхий эмч болтой настай буурал өвгөн:

  • За анх хэдэн цагт халуурч эхэлсэн? Хэн анх онош тавьсан? Яагаад дуудлага дуудаагүй? Ямар шалтгаанаар ямар ямар эм өгсөн? Энэ бүхэнд үнэн зөв хариулж байж бид эмчилгээ эхлэх хэрэгтэй байна. Хүүхдийг авах хэрэгтэй эсэхийг нь шийдэх хэрэгтэй.

Жавхлан өөрийн мэдэж санаж байгаа бүгдийг хэлээд, Насан эгчийн уйлан хайлан ярьж байх үед тэр л өөрийн гараар хүүхдээ үгүй хийж байгаа юм шиг санагдаад байлаа. Хүслэнгийхнээ царайг яаж харна даа гэж бодохоос үнэхээр халширч байлаа.

Насан эгчийг ярьж дууссаны дараа тэднийг Хүслэн дээр орууллаа. Халуун буугаагүй, хамаг хөлс нь асгарсан цонхигор цагаан царайг нь хараад Жавхлан энэ бүхний буруутан ганц би л гэж бодож байлаа. Нэг ч их удалгүй эмч нар дахин дуудаад

  • Тэгэхээр байдал тийм ч ноцтой хүнд биш юм. Бид шинжилгээний хариуг авсан. Гэхдээ дахин нэг шинжилгээ хийнэ. Хүүхдийг авахаас өөр арга алга. Бид одоо өөрт нь хэлж ойлгуулна. Гэхдээ өөрийгөө жирэмсэн гэж мэдэхгүй байгаа. Та нартай зөвлөлдөх хэрэгтэй. Өвчтөн хүн өөрийнхөө тухай бүгдийг мэдэж байх ёстой ч заримдаа дэмий байдагийн. Бид бүтэн норкозтой хагалгаа хийнэ. Дараа нь хатгаа болон бие сэргээх бүх эмчилгээг хийх болохоор тэр хүүхдийн талаар мэдэхгүй чигээрээ өнгөсөн нь дээр гэж бид бодож байна. Хүүхдийг нь авах талаар гэвэл зүгээр унтуулаад л хийх болохоор өөрөө бол орой унтаад өглөө сэрлээ л гэж бодно. Анхны жирэмслэлт болохоор бие сэтгэлээрээ маш хурдан сэргэх хэрэгтэй байдаг. Тэрийг мэдсээр байж бид хүүхдийн тухай хэлж сэтгэл санаагаар унагаах хэрэггүй гэж бодож байна. Бидэнд та нарын зөвшөөрөл хэрэгтэй. Ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй гэдгийг бидний зүгээс батлан даана. Хүүхдээс бусдыг нь түүнд хэлнэ. Эцсийн эцэст бид түүнд л сайнаар байх хувилбарыг сонгож байна. Хэрэглэсэн эм болоод одоогийн нөхцөл байдлаас болоод хүүхдийг үргэлжлүүлэн тээх ямар ч боломжгүй.

Ингэж хэлээд эмчийн өгсөн 2 хуудас цаасанд түүний хэлсэн бүхэн байлаа. Насан Жаргал хоёр бие биенрүүгээ харан тээнэгэлзэн байхыг харсан эмч:

  • Түүний амь насанд ямар ч аюул байхгүй. Тэгээд ч одоо хүүхэд нь өсөлгүй болчихсон байна. Удах юм бол аюултай. Хүний эрүүл мэндийг өөрт нь хэлэлгүй шийдэж байна гэж бодож байвал бид хүүхдийн талаар түүнд хэлээд энэ бүх эмчилгээг хийнэ. Үр дүн нь биеийн хувьд адилхан ч сэтгэлийн хувьд өөр. Зүгээр нэг хатгаа аваад эмчлүүлээд гарсан, хүүхдээ авхуулаад эмнэлгээс гарсан хоёр сэтгэл санааны хувьд тэнгэр газар шиг шүү. Бид хатгаанаас гадна бие тэнхрүүлэх бүх л эмчилгээг хийнэ. Төгсөх ангийн оюутан байсан уу? Чөлөө авчихна биз. Эрүүл мэнд хамгийн чухал шүү дээ. Гэхдээ сэтгэл санаа гэдэг бол бидний эмчилж чадахгүй зүйл. Тиймдээ ч бид сэвтээхийг хүсэхгүй байна.

Өрөөнд хэсэг чимээгүй ноёлосны дараа Насан

  • Үнэндээ энэ бүхэнд би л буруутай. Одоо би дахин хариуцлага хүлээн шийдвэр гаргах эрхгүй. Тэгээд ч чи хань ижил нь болох хүн байна. Чи л шийд дээ.

Жавхлан энэ бүхнийг хамтдаа даваад гарнаа гээд Хүслэнд бүх үнэнийг хэлмээр байсан ч үнэнийг хэллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй харин ч дордоно гэж бодон хоёр хувь цаасан дээр гарын үсгээ зурлаа.

Сэтгэгдэлүүд:

1. tamiraaganbold | 2009-02-02 06:45:28
За үргэлжлэлийг нь бэлдчихсэн байсан ч Банжигад маань юу болсон юм хаалгаа нээдэггүй. Ямар ч байсан таалагдана гэж найдаж байна.
2. чацарганы бут (зочин) | 2009-02-02 06:46:41
хорвоо гэж, хүмүүс бас л сонин шүү.
чи яагаад ингэж зай авав, зарим хэсэг нь урдаа таб авсан байх юм,
3. Agai | 2009-02-02 07:58:43
хэлээгүй нь дээр дээ
4. 4515 | 2009-02-02 18:14:10
Харин тийн хэлээгүй нь дээр... Гэхдээ эндээс болоод салцан юмуу???

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.